Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай

2017-08-29 08:05:59

2017 оны 08 сарын 29-ний өдөр                                         Дугаар А/640                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан, мэдээллийг авч нэгдсэн санд оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн тул “Туул, Дунд голын эргийн дагуу амралт, зугаалгын бүс байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/942 дугаар захирамжийн хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР  ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД