Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай

2013-02-08 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”, 29.1.6-ын “а”, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхээр батлагдсан 12 байршлын нэгж талбарт хамрагдсан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 02 дугаар сарын 15-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т тус тус даалгасугай.

2. Тухайн байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

3. Дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулан дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын байршлын талбайд хамрагдсан иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг нийслэлийн Улсын бүртгэлийн газар /С.Содномдорж/, Дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

                       

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ