Журмын хэрэгжилтийг хангах тухай

2012-11-22 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
   1.“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журам”-д нэмэлт, өөрчлөлт орж, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” болон “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ”-г шинэчлэн байгуулах болсонтой холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаар өөрсдийнх нь эзэмшил, ашиглалтанд байгаа болон орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийлгэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцуулах ажлыг зохион байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулан ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер /Ч.Бат/-т тус тус даалгасугай. 
 
   2.Гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, цэвэр усны эх үүсвэрийг зөрчил арилгах хүртэл хугацаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /С.Төмөрхүү/, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК /Р.Хайдав/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-т тус тус даалгасугай. 
 
   3.Холбогдох байгууллага, албан тушаалтнаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авч, хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/-нд тус тус даалгасугай. 
 
   4. Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---