Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай

2012-10-17 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл,     30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн хэсгийн  2012 оны 10 дугаар сарын 01-ний дүгнэлтийн дагуу иргэн Д.Бат-Эрдэнийн “Аялгуу” ахлах сургуулийг байгуулсугай.

   2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.

   3. Шинээр байгуулагдсан дээрх сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу шинжээчийн ажлын хэсгээс өгсөн үүргийг бүрэн биелүүлсний дараа гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт  тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---