Боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай

2012-10-15 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлын хүрээнд ачаалал ихтэй болон сургууль, цэцэрлэггүй хороодод цэцэрлэг, сургуулийн зориулалтаар баригдах барилга байгууламжид тэргүүн ээлжинд  газар олгох арга хэмжээ авч байхыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, шинээр суурьшлийн бүс байгуулах, орон  сууцны хороолол барих тохиолдолд сургууль, цэцэрлэгийг төлөвлөлтөд оруулж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

   2. Боловсролын үйлчилгээний хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа, төсөв, тооцоо гарган холбогдох мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн шинээр барих болон өргөтгөх сургууль, цэцэрлэгийн танилцуулгыг жил бүрийн   04 дүгээр сарын 01-ний дотор хийж байхыг  нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.

   3.Боловсролын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн их засварын дарааллыг бодитойгоор тогтоох ажлын хэсэг байгуулан дүнг 11 дүгээр сарын 15-ны дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Баатархүү/-д үүрэг болгосугай.

   4. Их засвар хийгдэх сургууль, цэцэрлэгийн зураг төсвийн зардлыг тухайн жилийн нийслэлийн төсөвт суулгах арга хэмжээ авч байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, зураг төслийн ажлыг тухайн оны 03 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгүүлж бэлэн болгохыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, тендерийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 15-ны дотор хийж дуусгаж байхыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү нарт тус тус даалгасугай.

   5. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвөлжилт хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдэд нэмэлт хөрөнгө шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---