Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2012-10-08 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   Нэг. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  нийслэл, дүүргийн Yнэлгээний хороодын дарга нарт үүрэг болгох нь:

   1.1. Нийслэлийн хэмжээнд ажил гүйцэтгэх цаг хугацааны хамаарлаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах бүх тендерийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлаж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байхаар бэлтгэл  зохион байгуулалтыг хангаж ажиллах.

   1.2. Бараа ажил үйлчилгээ худалдан авагчийг сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооноос гаргаж байгаа тендерийн баримт бичгийн боловсруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тендерт оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлага ойлгомжтой, тодорхой байхаар мэргэжлийн түвшинд боловсрогдсон, тэр нь сонгон шалгаруулалтанд оролцохыг сонирхогч байгууллага, иргэд олон нийтэд ил тод,  нээлттэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх.

   1.3. 2009-2012 онуудад тендерт шалгараад гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцээгүй, чанаргүй, ажил үйлчилгээг өөр байгууллагад шилжүүлж, гэрээний хэрэгжилтийг хангаагүй зэрэг зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдийг цаашид сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй байх.

   Хоёр. Хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг үндсэн хөрөнгөнд бүртгэж,  ашиглалт, хамгаалалтыг харъяа байгууллага, нэгжүүдэд хариуцуулан өгч, хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

   Гурав. Нийслэлийн хэмжээнд 2009-2012 онуудад чанаргүй гүйцэтгэсэн хөрөнгө   оруулалтын   ажлуудыг  тендерийн   баталгааны   барьцаа     хөрөнгөөр засварлах, дахин хийлгэх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргын орлогч нар, дүүргүүдийн Засаг дарга нар, Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын дарга нарт даалгасугай.

   Дөрөв. Зураг, төсөв нь хийгдээгүй, газрын зөвшөөрөлгүй  хөрөнгө оруулалтын ажлыг  2013 оны төсөвт суулгахгүй байхыг  холбогдох байгууллагын удирдлага,  Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад  үүрэг болгосугай.

   Тав. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалттай холбоотой бүх мэдээллийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээ www.e-procurement.mn болон нийслэлийн төрийн үйлчилгээний мэдээллийн www.ulaanbaatar.mn  цахим хуудас, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цаг тухайд нь байршуулан мэдээллийн нэгдсэн сан байгуулж ажиллахыг Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/, нийслэлийн Мэдээлэл технологийн газар /Я.Сод-Эрдэнэ/ нарт тус тус үүрэг болгосугай.

   Зургаа. 2009-2012 онуудад тендерт шалгараад гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.5-д заасан  тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/, Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ нарт тус тус даалгасугай.

   Долоо. Нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын  ажлуудын гүйцэтгэл, үр дүнд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж нийслэлийн удирдлагыг шуурхай мэдээллээр хангаж, шаардлагатай асуудлуудаар  шийдвэрийн  төсөл  боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд  танилцуулж ажиллахыг Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/-т үүрэг болгосугай.

   Найм. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтийг жил бүр нийслэлийн Удирлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---