Цахим архив төслийн ажлыг эхлүүлэх тухай

2014-01-14 00:00:00
2014 оны 01 сарын 14 өдөр                                           дугаар А/15                                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 2006 оны “Үндэсний хөтөлбөр батлах, түүнийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/564 дүгээр захирамжаар баталсан  “Нийслэлийн цахим архив төсөл”-ийн нэгдүгээр шатны хэрэгжилтийн дагуу төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй эрэлт хэрэгцээ ихтэй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэх мэдээллийн сангийн операторчдыг ажиллуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
2. Гэрээт ажилтнуудын 2014 оны 1 дүгээр улирлын цалингийн зардал болох 10,066,329 /Арван сая жаран зургаан мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй. 
3. “Нийслэлийн цахим архив төсөл”-ийг хэрэгжүүлэх 2014, 2015 оны санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус үүрэг болгосугай
4. Гэрээт ажилтнуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэл үр дүнг тооцож, тайлагнаж ажиллахыг нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ