Замын түгжрэлийг бууруулахад зах, худалдааны төвүүд хамтран ажиллахаа илэрхийллээ

2013-12-13 00:00:00
Томоохон зах, худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төврүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.  Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрхэн хамтран ажиллах боломж байгаа тухай санал солилцсон юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, захын удирдлагууд харилцан тохиролцсоны дагуу өнөөдөр Нарантуул, Хархорин захын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс санамж бичгийг тухайн зах, худалдааны төвийн орчин нөхцөлд тохируулан өөр өөрөөр боловсруулсан байна. Тухайлал “Нарантуул” худалдааны төвийн хувьд худалдааны төвийн хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 ажилтныг 2 ээлжээр ажиллуулах, хуучин хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж  зогсоолын талбайг чөлөөлүүлэх, өргөтгөлийн баруун талын тусгаарлах түмбийг авч 4 хэсэгт төв зах руу орсон гарц гаргах, захаас гарах гарцны тоог нэмэгдүүлэн түгжрэл үүсгэхгүйгээр шуурхай үйлчлэх зохицуулалтын арга хэмжээ авах, захын урд талын төв хаалга руу орох гарцыг хааж тээврийн хэрэгслийг  зүүн талаар нь буцаж эргүүлэн  өргөтгөлийн хаалга болон төв хаалгаар нь оруулах хөдөлгөөн зохион байгуулалт хийх зэрэг хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Мөн захын хашаанаас Нарны зам руу гарах  баруун урд хаалганы хойд талын төлбөртэй зогсоолыг чөлөөлж, түрээслэгч нарын автомашиныг зогсоолын талбайд байрлуулахгүй байх, эко орчин бүрдүүлсэн давхар зогсоолоор шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авах юм. Харин Хархорин захын баруун хаалгаар тээврийн хэрэгслийг оруулж, зүүн хаалгаар гаргах байдлаар хөдөлгөөнийг зохион байгуулж хяналт тавих, гүүрэн гарцын доторх зайг томсгож явган зорчигчийн чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах, Зам талбайн эвдрэлийг засварлах, орох гарах гарц, зогсоолын талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан тэмдэг байрлуулж, тэмдэглэгээ хийх, орчны тохижилтонд анхаарч ажиллах зэрэг үүрэг хүлээж хамтран ажиллахаар болж байна. Мөн эдгээр худалдааны төвүүд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу ойр орчмын 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн хариуцаж хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгана гэж санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид бусад зах худалдааны төвүүд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн  эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр 2013 -2014 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.