Газар шинэчлэн зохион байгуулахад иргэдийн оролцоо чухал

2013-12-13 00:00:00
Ирэх онд газар шинэчлэн зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас “Иргэний оролцоотой хот төлөвлөлт” сэдвээр арга зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, бусад албаныхан болон гэр хорооллын бүс дэх 9 хороодын дарга нар ,газар шинэчлэн зохион байгуулах гэр хорооллын нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж буй олон улсын төсөл, хөтөлбөр тэдгээрийн хэрэгжүүлэгч нэгж байгууллагууд оролцсон юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д. Баттулга зөвлөлгөөнийг нээж “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, оролцоо чухал үүрэгтэй юм. Тиймээс  дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах иргэд өөрсдөө идэвхтэй оролцож, хэсэг бүлгээрээ дэд бүтэц тавих газраа чөлөөлж,  нийслэлийн зүгээс санал болгож буй орон сууцны хувилбараас сонголтоо хийгээд харилцан тохиролцож чадвал  бид хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэх боломжтой болно” гэдгийг онцлон хэллээ.
Зөвлөлгөөнөөр Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш. Ганхуяг “Газар шинэчлэн зохион байгуулалтын үндсэн ойлголт” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан газрыг нь шинэчлэн зохион байгуулан бүс болгон хуваан хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Мөн Япон Улсын “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгч Х. Камакура “Газар шинэчлэн зохион байгуулах Япон улсын туршлага ”, УБНААСТ-ын Б. Нямсүрэн “Олон нийтийн хөгжил ба оролцоо”, АХБ-ны Д. Отгонбаатар “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн тухай”, UN HABITAT байгууллагын Н. Золзаяа “Иргэдийн манлайлалтай хөгжил”, Гудамж төслийн Х. Норов “Гудам төслийн ажиллагааны танилцуулага” сэдвээр илтгэл тавьлаа.
Энэ удаагийн зөвлөлгөөн Улаанбаатар хотод төсөл хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн туршлагыг судалж, “Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам” боловсруулах, хороодын дарга нарыг тухайн чиглэлээр иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголт өгсөн гэдгийг албаныхан онцолж байна гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.