Ням гаригт төв талбайн сүлд модны гэрлийг асаана

2013-12-12 00:00:00
Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Тус ажлын хүрээнд 2013 оны 12 сарын 15-наас 31-ийг дуустал төв талбайд баярын цогц арга хэмжээ буюу урлаг соёлын тоглолт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслол 12 сарын 15-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд 17:00 цагт болох бөгөөд энэ үеэр МХО-ны Magic хамтлаг, Квартет хамтлаг  зэрэг авъяаслаг багачууд ая дуугаа өргөнө.
Харин хуучин оноо үдэж, шинэ оноо угтах Шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр 21:00 цагаас их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр талбайд хуран цугалсан  иргэд, залуучуудтай  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга  шинэ оныг хамтдаа тоолон угтах юм.
Түүнчлэн МУГЖ Т. Ариунаа,  Lumino A Sound, A Cool, The Lemon Compass, Rec On, Colors, UFO, UB NIGHT хамтлагууд болон дуучин Чойжоо,Реппер Gee, Дөлгөөн нар ая дуугаа өргөнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.