Үүрэг даалгавар

2013-12-10 00:00:00
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ С.ОЧИРБАТЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
НЭГ. Нийслэлийн 2014 оны төсөв батлагдсантай холбогдуулан дүүргүүдийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хуралдаанаар 2014 оны төсвийг хэлэлцүүлэх бэлтгэлийг сайтар ханган 2013 оны 12 дугаар сарын 20-нд багтаан хэлэлцүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлаа уялдуулан ажиллах.
 
ХОЁР. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, олон нийт, иргэдээр гүйцэтгүүлж болох тухай хэлэлцүүлгийг байгууллага бүр зохион байгуулж, саналаа нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст энэ сарын 15-ны дотор ирүүлэх. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар чиг үүргийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөгөө өгөх, санал хүргүүлэх зэргээр хамтран ажиллах.

ГУРАВ. Цаг агаар хүйтрэх үед шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагууд цаг алдалгүй авах, бэлэн байдалд шилжин ажиллах.
 
ДӨРӨВ. Тайлант онд төлөвлөсөн ажлуудын явцыг байгууллагууд авч үзэх. Хүлээгдэж буй ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэн тайлангаа гаргаж хэлэлцүүлэх, ажлаа дүгнэх.
 
ТАВ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар халдварт өвчин болон томуу, томуу төст өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулах.
 
ЗУРГАА. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас  яамдын сайд болон ажил олгогч байгууллагын төлөөлөл, төрийн бус зарим байгууллагуудтай байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон холбогдох хэлтэс, газар, агентлаг, харъяа газрууд хангуулах, дүгнэх, 2014 онд хамтран ажиллах төсөл боловсруулах.
 
ДОЛОО. Нийслэлийн ЗДТГ нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг өссөн дүнгээр гаргаж дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.
 
НАЙМ. Нийслэлийн хэмжээнд шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, дүүргүүдийг нэгдсэн удирдлагаар хангах.
            Байгууллагууд шинэ жилээ хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, хэрэглээний халуун хүйтэн ус, дулаан, цахилгаан, ахуйн хог, нийтийн тээврийн үйлчилгээ, хангамжийг хэвийн байлгахад холбогдох байгууллагууд /Захирагчийн ажлын алба, УБ Цахилгаан түгээх сүлжээ, Дулааны шугам сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, нийслэлийн Цагдаа, Замын цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Тээвэр, Соёл урлаг, Эрүүл мэндийн газар зэрэг/ онцгой анхаарч ажиллах.
 
ЕС. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа гэр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, зардал, санхүүжилтийн байдлыг авч үзэх, шаардлагатай бол нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх.
 
АРАВ. Дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр багтаан хамтарсан ажлын хэсэг байгуулж, ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудад үнэлгээ хийж, дүгнэлт гарган нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх.
 
АРВАН НЭГ. Нийслэлийн Агаарын чанарын алба, Худалдан авах ажиллагааны газар үртсэн шахмал болон хагас коксжсон түлш тээвэрлэх байгууллагыг шалгаруулах асуудлыг Сангийн яамтай ярилцаж энэ долоо хоногт шийдвэрлэсэн байх. Засгийн Газраас зохион байгуулан олгож байгаа түүхий нүүрсний цэгүүдийн тоог нэмэгдүүлж иргэдэд ойртуулах талаар нийслэлийн Агаарын чанарын алба, дүүргүүдийн ЗДТГ хамтарч ажиллах.

АРВАН ХОЁР. Нарны замын түгжрэлээс шалтгаалж онцгой үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгслүүд дуудлагад хугацаа алдаж очиж байгаа талаар иргэдээс удаа дараа гомдол, мэдээлэл ирсэн учир Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Нарантуул, Өгөөмөр, Барс, Хархорин захуудын өвлийн улиралд ажиллах цагийн хуваарийг өөрчлөх саналыг холбогдох байгууллагуудтай /Нийслэлийн Онцгой байдал, Цагдаа, Замын цагдаа, Эрүүл мэнд зэрэг/ зөвшилцөн боловсруулж Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэр гарган хэрэгжүүлэх.
 
АРВАН ГУРАВ. Баянгол дүүргийн Засаг даргаас тавьсан саналын дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар “Монгол экспресс” ХХК-д 400 м2 газрыг тэр орчинд нь буюу явган хүний гүүрийн Хан-Уул дүүргийн нутаг болох урьд хэсэгт олгох, эсхүл нөхөн төлбөр тооцож газар чөлөөлөх эсэхээр санал боловсруулж танилцуулах.
 
АРВАН ДӨРӨВ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд онцгой байдал үүссэн, цаг үеийн тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг нийслэлийн холбогдох удирдлагуудад цаг алдалгүй хүргэж, эргэх холбоотой ажиллаж байх.
 
                                   
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                      ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС