Шагнах тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                         дугаар А/1021                                              Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 Нэг. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Журам батлах тухай” А/904 дүгээр захирамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн, Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн бүтээн байгуулалтыг хийх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах бүтээн байгуулалтуудыг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-аар шагнасугай. Үүнд:
             1.Барилгын салбарт, орчин үеийн технологийн шинэ шийдэл нэвтрүүлэн хямд өртөгтэй орон сууцны хорооллыг цогцоор нь байгуулж, иргэдийг тав тухтай ажиллаж, амьдрах орчныг бий болгосон “Эм-Си-Эс Проперти” ХХК-ий санаачлан хэрэгжүүлсэн “Вива сити-Залуусын хороолол”-ын бүтээн байгуулалт;
             2.Авто замын салбарт, олон улсын стандарт шаардлагад нийцсэн шинэ технологи ашиглан, “Экспресс Зам” ХХК-ий хийж гүйцэтгэсэн “Сонгинохайрхан дүүргийн  1 дүгээр хорооллын арын 4-н замын уулзвар” бүтээн байгуулалт;
             3.Үйлдвэрийн салбарт “Улаанбаатар Бүк” ХК-ий ашиглалтад оруулсан дэвшилтэт шинэ технологи бүхий байгаль орчинд ээлтэй, өндөр хүчин чадалтай, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Авто замын хашлага, ус зайлуулах шугам лоткийн үйлдвэр” бүтээн байгуулалт;
             4.Дэд бүтэц, инженерийн байгууламжийн салбарт, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт шинэ технологи бүхий инженерийн байгууламжийн шийдлийг ашиглан БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс санаачлан хэрэгжүүлсэн “Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж”-ийн бүтээн байгуулалт.
 Хоёр. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулан хотын авто замын түгжрэлийг бууруулах үйлст жинтэй хувь нэмэр оруулсан дараах бүтээн байгуулалтуудыг “Нийслэлийн бүтээн байгуулалтын тусгай шагнал”-аар шагнасугай. Үүнд:
            1.Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Нарны Гүүр” бүтээн байгуулалт;                  
            2.Нийслэлийн авто болон явган хүний замын нэвтрэх чадвар, газар ашиглалтыг сайжруулахад чухал хувь нэмрийг оруулж, иргэд олон нийтийн талархалыг хүлээсэн “ГУДАМЖ” төсөл”.
 Гурав. Шагналын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засаг даргын батлагдсан зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.           
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ