Нийслэлийн иргэд дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжлээ

2013-11-28 00:00:00
Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11-р сарын 27-ны өдөр 07-22 цагийн хооронд Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаар болон мессеж  гэсэн 2 хэлбэрээр санал асуулга авлаа. Мобикомын хэрэглэгчдээс 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123,460 (61%), эмэгтэй 78,934 (39%) нийт 202,394 хэрэглэгчид НЗДТГ: “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн санал асуулгын мессеж илгээснээс 46,967 нь буюу 23,2% нь хамрагдаж хариу мессеж илгээжээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 70,7% буюу 33228 иргэн автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 29,9% буюу 13739 иргэн дугаарын хязгаарлалтыг цуцлахыг хүсчээ. Энгийн мессеж судалгаанд хэрэглэгчдийн 6%-8% нь хариулт өгч хамрагддаг бол Нийслэлийн иргэдээс замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мессежээр авсан асуулга судалгаанд 23,2% нь хамрагдсан нь тухайн судалгаанд иргэд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна. Харин “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаарын утас руу 1,821 иргэн холбогдож саналаа ирүүлсэнээс 54,4 хувь буюу 991 иргэн дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 45,6 хувь нь буюу 830 иргэн дугаарын хязгаарлалтыг цуцалъя гэжээ. Тиймээс иргэдийн ирүүлсэн саналын нэгдсэн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар танилцуулж, дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.