Нөөцийн мах ирэх сарын 25-наас худалдаанд гарна

2013-11-27 00:00:00

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, махны үнэ, нөөцийг тогтвортой байлгах зорилгоор “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг ирэх сарын 25-наас гаргахаар болжээ. Энэ жил махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулахаар нийслэлд нэг, Дархан, Эрдэнэт хотод хоёр компани шалгарч, нийт 11 мянга 446.1 тонн мах нөөцлөөд байгаа.

Махны нөөцийг бүрдүүлэхдээ 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ. Нөөц бэлтгэхэд зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас мах бэлтгэх компаниудад олгоод байна. Салбарын яамны онцолж байгаагаар хэрэглэгчдээс урьд өмнө нөөцийн махны чанарын талаар шүүмжлэл их гардаг байсныг халах үүднээс энэ жил цул болон  нэгдүгээр зэрэглэлийн махыг 1.5 кг-аар савлан худалдаанд гаргахаар болжээ.

М.АМАРЖАРГАЛ