Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай

2013-11-14 00:00:00
2013 оны 11 сарын 14 өдөр                                               дугаар А/994                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 346 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн цэцэрлэгийн баруун болон баруун хойд хэсэгт эмнэлэгийн зориулалтаар 8 га газрыг, Ботаникийн цэцэрлэгийн баруун урд хэсэгт Нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг тус тус олгосугай.
 
2.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудтай газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, гүйцэтгэгч байгууллагатай холбогдох гэрээг зохих хууль, журмын дагуу байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болгосугай.
 
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/839 дүгээр захирамжийн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хамаарах заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.
 
 
  

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ