Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэд цэцэрлэг бариулах санал гаргалаа

2013-11-13 00:00:00
Нийслэлийн өрх бүрээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтод санал авахаар “Иргэний оролцтоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын  А/984 дугаар захирамжаар 2013 оны 11 сарын 5-наас 15-ны хооронд зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү захирамжаар баталсан удирдамжийн дагуу 2013 оны 11 сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд санал авах шууд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон хорооны иргэд оролцсон юм. Тус хороонд хийсэн “Гэр хорооллын зураглалаар”  Сүхбаатар дүүргийн 15-р хороо нь 1427 өрхтэй бөгөөд цэцэрлэгийн насны 499 хүүхэд байдаг юм байна. Гэвч 220 хүүхэд буюу цэцэрлэгийн насны хүүхдийн 44 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн дүн гарчээ. Тиймээс энэхүү хороонд нэн тэргүүнд цэцэрлэг барих шаардлагатай гэж иргэд үзлээ. Түүнчлэн санал авах хуудсаар саналаа өгсөн иргэдийн нэгтгэсэн дүнгээр хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гэрэлтүүлэг, утасгүй интернэттэй болох  санал эхний тавд оржээ.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга, “Иргэдийн мэдэлд өгөх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, гэрэлтүүлэг, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай барих асуудлаа шийдэж болно. Гэхдээ та бүхэн хамгийн түрүүнд хаана гэрэлтүүлэг тавих вэ, хаагуур явган хүний зам хийх вэ гэдгээ дахин ярилцаж тохирох ёстой. Харин цэцэрлэг барих хөрөнгийг бид нийслэлийн төсвийн төсөлд суулгахаар санал оруулна. Тэгээд шинээр барих цэцэрлэгийн байршил болон газар чөлөөлөх асуудлыг та бүхэн ярилцан тохирох хэрэгтэй” гэлээ.  

УИХ-аас 2012 онд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулснаар төсвийн төвлөрлийг багасгах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн менежментэд иргэдийн оролцоог хангах зорилготой шинэтгэлийн олон чухал бодлого тусгагдсан юм. Үүний нэг нь Улсын төсвөөс бүрдүүлэх “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө бөгөөд үүнийг иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах журамтай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
.