Дугаарын хязгаарлалтгүй болох талаар нийслэлийн иргэдээс санал авна

2013-11-12 00:00:00
НИТХ-аас 2012 оны 8 дугаар сарын 22-нд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх” зарим арга хэмжээний тухай 2/08 дугаар тогтоолыг баталсан юм. Тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 8 дугаар сарын 24-нд “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 дугаар захирамж гаргаж 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28 хүртэл НИТХ-аас тогтсоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд 07:00-22:00 цагийн хороонд Улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ.
Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурсан төдийгүй иргэд энэхүү шийдвэрийг үргэлжүүлэх хүсэлтээ НЗДТГ-т удаа дараа илэрхийлж байсан юм. Тиймээс НЗДТГ-аас  дугаарын хязгаарлалтыг үргэлжүүлэх тухай санал асуулгыг 2012 оны 10 дугаар сарын 22-нд нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан 100 мянган иргэнээс мессежээр авахад, санал асуулгад оролцсон иргэдийн 76 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжсэн юм.  Иргэдийн саналыг үндэслэн НИТХ-аас 2012 оны 11 сарын 16-нд “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол гаргаж, дугаарын хязгаарлалт үргэлжлэхээр болсон юм.
Харин Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг хэсгийн хуралдаанаар  энэ онд хийх зам засварын ажил дууссан, хэд хэдэн уулзвар, зам шинээр барьж, өргөтгөн хөдөлгөөнийг нээсэн учраас хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авахаар боллоо.
“Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу?” гэсэн асуулттай санал асуулгыг 2013 оны 11 дүгээр сарын13-наас эхлэн 48 цагийн хугацаанд НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас  болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook/Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар,  news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn, сайтуудаар авах юм. Мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан 11 сарын 13-ны 09:00 цагаас 15-ны 09:00 цаг хүртэл мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн дугаарын хязгаарлалтгүй болох талаар албан ёсны шийдвэр гарна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.