Нийслэлийн бүх хороонд төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна

2013-11-11 00:00:00
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаартай захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын өрх бүрээс санал авч, хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Төсвийн төсөлд санал авах хуудсыг 11 сарын 5-наас нийслэлийн 152 хорооны өрх бүрт тарааж, бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулсан юм.  "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамжийн дагуу саналын хуудсыг хороод бүрээс хувь тэнцүүлж 20 хувийг нь түүвэрлэн  дүнг нэгтгэх бөгөөд хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн жагсаана. Хэлэлцүүгийг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн мэдээгээр 152 хорооноос  64 052  /20%/ санал асуулгын хуудас ирж автомат машинд уншуулснаас 58 394 санал асуулгын хуудасны дүн гарчээ. Харин 1.6% нь буюу 5 118 хуудас хүчингүй болсон байна. Саналын хуудсыг гэр хорооллын өрх, орон сууцны өрх гэсэн 2 хувилбартайгаар тарааснаас 41 хувь нь цэцэрлэг барих саналыг сонгожээ. Мөн гэр хорооллын өрхийн 40,9 хувь нь цэвэр бохир усан хангамж, орон сууцны өрхийн 40,1 хувь нь нэгдсэн граж, авто зогсоолтой болох шаардалгатай гэж үзэн саналаа өгсөн байна. Түүнчлэн тохижилтын чиглэлээр саналаа өгсөн гэр хорооллын өрхийн 45,5 хувь нь гэрэлтүүлэг, орон сууцын өрхийн 44,1 хувь нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн санал өгчээ. Удирдамжийн дагуу иргэдийн өгсөн саналаас хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн жагсааж, хороо бүр дээр “Иргэний оролцоотой төсөв-2014” шууд хэлэлцүүлэгийг зохион байгуулна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 16 хороо, Налайх дүүргийн 7 хороонд хэлэлцүүлэг зохион байгуулж дууссан байна. 11 сарын 11, 12-ны өдрүүдэд нийслэлийн бусад хороонд хэлэлцүүлэг өрнөж, өрх бүрээс ирсэн саналыг хэлэлцэн хамгийн олон санал авсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд оруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.