Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын Ажлын хэсгийн уулзалт болов

2021-11-25 20:33:52

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сантай хамтран хотуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, оновчтой шийдэл олох, бүс нутгийн хотуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014, 2016, 2018, 2020 онуудад болон сэдэвчилсэн хурлыг 2015 онд Улаанбаатар хотод тогтвортой, ногоон, хүртээмжтэй хотуудын хөгжил, байгаль орчны асуудал, агаарын бохирдол, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, хотуудын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн санхүүгийн механизм, эко тээвэр, ногоон дэд бүтэц, Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох нь зэрэг сэдвийн хүрээнд тус тус амжилттай зохион байгуулж ирсэн.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын 5 дахь удаагийн форумыг ирэх 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус форумын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оролцогч хотуудтай хамтран Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улс орны 20 хотын 40 гаруй төлөөлөгчид оролцож ирэх оны форумаар хэлэлцэх сэдэв, агуулга,  болон форумын дүрмийн төслийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ тус форумыг бүс нутгийн өмнө тулгамдаж буй зорилтуудыг шийдвэрлэхийн тулд туршлагаа хуваалцах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойг онцлоод цаашид идэвхтэй хамтран ажиллахыг уриалав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС