Өнөөдөр зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

2013-11-07 00:00:00
Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1, 2, 13, Зүүнбаян-Уулын 5, 6 дугаар гудамж, Хөтөл, 7-р хороо Баянхошууны хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлан хийсэн 6 кВ-ын Овоот цахилгаан дамжуулах агаарын шугамын  шинэчлэлтийн ажил дуусч байгаа тул өнөөдрөөс эхлэн эдгээр цэгүүдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлнэ.
Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгыг, 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10 – 18 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлалт хийгдэх юм байна.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 хувьтай явагдаж байна. Өвлийн ид ачааллаас урьтаж өөрийн хүч,  хөрөнгөөр хийж байгаа энэхүү төслөөр 35 кВ-ын Дашчойнхор, Баянхошуу дэд станцуудын чадлыг томсгож, 10/0.4 кВ-ын 39 дэд станц шинээр барих ба 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах 15 агаарын шугамыг өргөтгөнө гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ.