ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат хандивлалаа

2021-10-18 17:29:08

Унгар улсын Засгийн газраас хоёр ширхэг амьсгалын аппаратыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-т хандивласан. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө тус амьсгалын аппаратын нэгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ/-д өнөөдөр хүлээлгэн өглөө. 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг ковид-19-ийн эмчилгээний 40 ор дэлгэн ажиллаж байсан ба эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдсэнээр дахин 20 ор дэлгэсэн байна. Мөн эрчимт эмчилгээний найман ортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт коронавирусийн халдвар авсан эсвэл ойрын хавьтал болсон хүүхдүүд олон ирж байгаа ажээ. Сүүлийн 14 хоногт ирж эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 10 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа учир тасгийн ор дүүргэлт 100 хувь байна гэдгийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хэллээ. Тэрбээр мөн “НЗДТГ-аас хандивлаж байгаа уг амьсгалын аппарат нь хүүхдийн ковид-19-ийн хүнд хэлбэр, хатгалгааны хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой аппарат юм. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг нь улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хагалгаанд орсон хүүхдүүд хагалгааны дараа, хүнд үедээ, хэсэг хугацаанд амьсгал удирдах шаардлага гардаг.  Мөн коронавирусийн халдвар авсан хүүхдүүд хүнд хатгалгаатай, амьсгалын дутагдалтай тохиолдолд амьсгалыг аппаратаар удирдаж, уушги орлуулах эмчилгээг олон хоног хийх шаардлагатай байдаг. ЭМЯ-наас хэрэгцээт аппарат тоног төхөөрөмжөөр хангадаг ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед амьсгалын аппарат нэн шаардлагатай байсан” гэлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Нийслэлийн удирдлагууд бүх боломжоороо нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа, улаан бүст ажиллаж, олон хүүхдийг эмчилж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчдадаа, мөн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа талархал илэрхийлье” гэлээ.

   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС