Халдваргүйтгэлийн чанар, үр дүнг тогтмол хянаж, зөвлөн тусалж байна

2021-10-15 16:30:01

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас боловсролын байгууллагын өдөр тутмын халдваргүйтгэл болон голомтын халдваргүйтгэлийн чанар, үр дүнгийн хяналтыг тогтмол хийн, зөвлөн тусалж байна. Мөн ариутгалын бодисын чанарын шалгалт, улсын бүртгэлд бүртгэгдсэн бодис мөн эсэх, халдваргүйтгэл хийх тун, хэмжээндээ хүрч байна уу гэдгийг тестээр шалган үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/292, А/555 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулиудад ковид-19-ийн халдварын үед мөрдөх түр журам гэж бий. Энэхүү журмын хэрэгжилт ямар байгааг НМХГ-ын газрын улсын ахлах байцаагч нар хянан ажиллаж байна. 

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Батцэнгэл “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын А/292, А/555 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулиудад ковид-19-ийн халдварын үед мөрдөх түр журмыг ханган ажиллаж байгаа. Харин зарим сургуульд анги, танхим цэвэрлэх үйлчлэгчийн тоо хүрэлцээгүй байна. Үйлчлэгч хүрэлцээгүй үед анги удирдсан багш нар халдваргүйтгэл, цэвэрлэгээгээ хийдэг. Тиймээс анги удирдсан багш болон үйлчилгээний ажилчдад халдваргүйтгэлийг хэрхэн зөв хийх талаар заавар зөвлөгөө өгөн, мэргэшүүлэн сургах хэрэгтэй байна. Сургалтын байгууллага өөрсдөө халдваргүйтгэлээ хийж байгаа тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, халдваргүйтгэл хийж байгаа ажилчдыг хувцас хэрэгслээр хангах, улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэлийн бодисоор тасралтгүй хангахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн хувьд 3500 гаруй сурагчтай. Тус сургууль хоёр эмчтэй бөгөөд өдөрт гурван удаа тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийдэг байна. Сурагчид хичээлдээ ирэхдээ хүн хоорондын зайгаа барьж, халуунаа үзэн, зүүж ирсэн амны хаалтаа амны хаалт устгах цэгт хийн, шинэ амны хаалт зүүн хичээлдээ ордог ажээ. Мөн хоёр цаг тутамд солих ээлжийн амны хаалт, бохир амны хаалт, цэвэр амны хаалтын уут, гар ариутгах бодис, бусад ариутгалын бодисын багцтай ирдэг байна.

Анги удирдсан багш нар, сургуулийн тандалтын албанаас хичээлийн өмнө эрүүл мэндийн мэдээллийг 2-3 минутад багтаан хүргэдэг болжээ. Түүнээс гадна анги болгонд ариутгал, халдваргүйтгэлийн багц бэлдсэн байна. Сургуулийн хэмжээнд хоёр эмч, тандалтын баг коронавирусийн халдварын мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвд тогтмол өгдөг гэдгийг  тус сургуулийн эмч Г.Дэлгэрцэцэг хэллээ.  

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС