Хорооны ажилтнууд цахимаар туршлага солилцох, суралцах боломжтой боллоо

2021-10-15 15:45:27

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвөөс хорооны ажилтнуудыг чадавхжуулах Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ХСАЗ-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр “Харилцан суралцах арга зүйн цахим систем”-ийн нээлтийг цахимаар зохион байгууллаа. Нээлтэд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, хороо хариуцсан мэргэжилтнүүд, 171 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд болон сургалт, судалгааны төвийн ажилтан, сургагч багш нар нийт 300 хүн оролцлоо.

 ХСАЗ нь практик үр дүнд суурилсан, ижил түвшний байгууллага, албан хаагчид харилцан бие биеэсээ суралцаж, сайн туршлагаа солилцох замаар өөрсдийн чадавхыг бэхжүүлж, тасралтгүй сайжрах, хөгжих арга барил юм. ХСАЗ нь маш сайн дасан зохицох, хувирах чадвартай аргачлал бөгөөд Харилцан суралцахуй гэдэг бол Монгол Улсын хувьд ижил түвшний орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хоорондоо холбоо тогтоож, сүлжээ үүсгээд, нэгнийхээ сайн туршлагыг давтан хэрэгжүүлж, чадавхаа бэхжүүлж, бодлогын түвшинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан суралцах үйл явц билээ.

Ийнхүү цахим системийг хөгжүүлснээр хорооны ажилтнууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар сайн туршлагаа хуваалцах, харилцан суралцах болон суралцах арга зүйн үйл явц бүрийн үр дүнг хэмжих боломжтой болж байна. Нийслэлийн хороодын сайн туршлагатай www.manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон танилцах боломжтой юм. 

Түүнчлэн харилцан суралцах арга зүйг зөвхөн хороодын түвшинд биш салбарын түвшинд хэрэгжүүлэхээр санаачилгууд гарч, өөрсдөө хүсэлтээ гаргаж Аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар сургалтад танхимаар хамрагдсан юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС