Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ

2021-10-04 12:17:02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс удирдан, цахимаар зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн  нутаг дэвсгэрт хийж байгаа  ажлууд болон  цаг үеийн  нөхцөл  байдлын  талаарх  товч  мэдээлэл өгсөн юм. Тус дүүрэг нь нийслэлийн нийт газар нутгийн 25.5 хувийг эзэлдэг бөгөөд Улаанбаатар хотын хүн амын 23 орчим хувь нь амьдардаг. Нийт  1092 эмч, эмнэлгийн ажилтан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Ахмадын эмнэлэг, 27 ӨЭМТ-өөр хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Дүүргүүдийн удирдлагуудын зүгээс 2021 оныг “Иргэдэд ээлтэй, ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Коронавирусийн дархлаажуулалтын хамрагдалт муу байна

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцоллоо. I тунд нийт хүн амын 74.5, II тунд 70.7 хувь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт буюу III тунд 11 хувь нь л хамрагдаад байна. Вирусийн эсрэг эмийн зах зээлийн нөөцийн судалгааг долоо хоног тутам гаргаж буй. Мөн ӨЭМТ-үүдэд зээлээр эм авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ор зохицуулалтын баг өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн бөгөөд 2297 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн хүн эмнэлэгт хэвтэхгүй, хүнд хүмүүс эмнэлэгт хэвтэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн ӨЭМТ-үүдэд сайн дураар ажиллах автомашинтай 400 хүн бүртгүүлснээс 30 хүнтэй гэрээ байгуулсан байна. Өнөөдрөөс сургалтад хамруулж, машины ариутгал, халдваргүйтгэлийг шийдэж, маргаашаас ажилдаа орно хэмээв.

Хотын дарга ор дэлгэлт, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн талаар асуухад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Баянзүрх дүүргийн шинээр ашиглалтад орж байгаа эмнэлэгт 150 ор дэлгэхээр ажиллаж байна. Яармагийн эмнэлэгт нэг, хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг дадлагажуулагчаар ажиллуулж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц дутагдалтай байгаа. ӨЭМТ-д резидэнт 239 эмчийг хуваарилснаас ирц 60 гаруй хувь байна” хэмээн хариуллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэлсэн. Нийт 29 байгууллагын 417 албан хаагч эмийн багц савлах, дуудлага мэдээллийн төв болон бусад үйл ажиллагаанд ажиллах юм.

Аравдугаар сарын 1-ний байдлаар ерөнхий боловсролын хоёр сургууль бүрэн, нэг сургууль хэсэгчилж цахим хэлбэрт шилжжээ. 12-оос дээш насны хүүхдүүдтэй  52, 12-оос доош насны 64 бүлэг цахим хэлбэрт шилжсэн. Мөн долоон цэцэрлэг бүрэн, 26 цэцэрлэг хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс бэлтгэл 35 бүлэг, ахлах 36 бүлэг байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 19.4 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд хичээл, сургуулийн орчноос халдвар авах нь бага байгаа тул сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг БШУЯ-наас баримталж байгааг танилцууллаа.

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг энэ долоо хоногт 450 болгож нэмэгдүүлнэ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулсан. “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байгаа” хэмээн танилцууллаа. Харин “Таван толгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Өчигдөр 1200 тонн түлш үйлдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногт цэгийг үе шаттай нэмэгдүүлж, 450-д хүргэхээр ажиллаж байна. 217 машинаар түгээлт хийж байгаа. Нийт 72 мянган тонны түлшний нөөцтэй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүссэн. Баруун үйлдвэр үндсэндээ таван сар зогссон. Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг. Мөн иргэд түлшээ хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг. 290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосон байсныг цуцалсан. Ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр карт авдаг. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь цөөн байна” хэмээв. Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ гэдгийг хэлж байлаа.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам хариуцдаг бөгөөд нийслэлийн зүгээс түгээлтэд анхаарал хандуулдаг. “Таван толгой түлш” компанийн хувьд өнгөрсөн жилийн мөн үед 97.500 тонны нөөцтэй байсан бол өнөөдөр 72 мянган тонны нөөцтэй байгаа юм. ­­­Энэ нь үйлдвэрийг нүүлгэх шийдвэртэй холбоотой байсан гэдгийг албаныхан онцолж байлаа.

Улаанбаатар хот орчмын бүс нутагт 754 удаа газар хөдөлжээ

­­­Энэ оны эхний  есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн  Цагдаагийн  удирдах  газрын  дарга  Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын  цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өгөв. Цагдаагийн байгууллагад нийт 17.360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.132  буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 2115 хэрэг буюу 10.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218  хэрэг буюу 9.9 хувиар тус тус буурчээ.

2021 оны эхний есөн сард Тээврийн цагдаагийн алба 44.652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 10.853 осол, хэрэг бүртгэгдэж 1020 хүн гэмтсэн. Нийт 573 явган зорчигч зам тээврийн осол, хэрэгт өртөж, хэргийн улмаас 55 хүн нас баржээ. Эд материалын хохиролтой осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад  12.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүний тоо 20.9 хувиар буурсан байна. 

Нийслэлийн  Онцгой байдлын  газрын дарга Л.Дашням гамшиг,  ослын  болон  цаг үеийн  нөхцөл байдлын талаар танилцуулсан. 2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1106, аврах ажиллагааны 159 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ. Улмаар гал түймэр, гамшиг ослоос 795 иргэний амийг аварч, 46.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 21.1 хувиар буурчээ. 2021 онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитутын нийт 754 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн. Дээрх таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэт цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүст үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал,

-Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдварын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих.

-Коронавируст халдвараар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.

-Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС