Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургалтад хамрууллаа

2021-10-01 18:29:32

НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадавхыг дэмжих зорилгоор богино хугацааны сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтыг НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд явуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард “Бизнес процессын дахин загварчлал” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтыг танхимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-нд өндөрлөлөө.

“Бизнес процессын дахин загварчлал” сургалтад Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн албан хаагчид хамрагдсан юм. Уг сургалтад хамрагдсан нийслэлийн албан хаагчид бие даан сургалт зохион байгуулах, бизнес процессын шинжилгээ хийх, процессыг сайжруулах, үйл ажиллагааг чиглүүлэх ур чадварт суралцан төгслөө.

Цаашид НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс тус сургалтыг бусад нутгийн захиргааны байгууллагуудад зохион байгуулахаар зорьж байна. Албан хаагчид ийм төрлийн сургалтад хамрагдсанаар үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх, өөрчлөлт, шинэчлэлтийн менежментийг нэвтрүүлэх, үйл ажиллагааныхаа бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүрэх боломж бүрдэнэ. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төслийн удирдлагын үндэс” сэдэвт сургалтуудыг цахимаар зохион байгуулсан бөгөөд сургалтад Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтнүүд хамрагдлаа.

НЗДТГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ