Үүрэг даалгавар

2013-10-30 00:00:00
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИТХ-ЫН ДАРГА Д.БАТТУЛГА БОЛОН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
             Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга
           
НЭГ. Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд 2013 оны 11 дүгээр сарын 01-нд багтаан, 2014 оны төсвийг хуулийн хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д тус тус өргөн барих.
ХОЁР. Төсвийн 2013 оны тодотголд Налайх дүүргийн дулааны гол шугамыг солих хөрөнгийг төлөвлөн оруулахын гадна УИХ-аар нийслэлийн 2013 оны төсөв хасагдан батлагдсантай холбогдуулж энэ онд аль ажилд нь хөрөнгө авч үлдэх, аль ажлыг буцаах буюу зогсоох саналаа тавих.
ГУРАВ. Хотын хэмжээнд эрчим хүчний асуудал хүндрэлтэй байгааг өнөөдөр Эрчим хүчний сайдтай ярилцахад нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар байлцаж асуудлаа танилцуулах.
ДӨРӨВ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дулаан, цахилгаан, хэрэглээний халуун, хүйтэн усны хангалтын мэдээг өдөр тутам нэгтгэн авч хотын удирдлагад танилцуулах, Улаанбаатар хотын Ерөнхий менежер тушаал гаргаж инженерийн шугам сүлжээ бүхий харъяа байгууллагуудаа бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулах.
 
            Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
 
ТАВ. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Аудитын явцын дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбогдуулан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, төсөвт газрууд бүтэц, орон тоо /давхардал/, байгууллагын үйл ажиллагааны одоогийн менежментээ авч үзэж хянах, захиргааны  шинжтэй төсвийг хямдруулах арга замуудыг тодорхойлон нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогчдод 2013 оны 11 дүгээр сарын 05-ны дотор танилцуулсан байх.
ЗУРГАА. Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Улаанбаатар хямдрал” арга хэмжээг зохион байгуулах.          
ДОЛОО. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн өмч хөрөнгө, эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан байгуулллагуудын /Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Өмчийн харилцааны газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Татварын газар зэрэг/ хамтарсан уулзалт зохион байгуулж он дамжсаар ирсэн өр, авлагуудын асуудлыг шийдвэрлэх.
НАЙМ. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад шаталсан сургалт явуулж, санхүү нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 2013 оны 11 дүгээр сард багтаан авах. Шалгалтад тэнцээгүй ажилтнуудын ажлын байранд шалгаруулалт явуулах.
ЕС. Нийслэлийн ЗДТГ “Иргэдийн оролцоотой төсөв- 2014” аяныг хороодод зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, хорооны иргэдээс төсвийн талаар санал авах.
АРАВ. Нийслэлийн ЗДТГ тэргүүний жагсаалч анги, хамт олон шалгаруулах “Монгол цэргийн жавхаа- 2014” уралдааныг зохион байгуулах төлөвлөгөө гарган батлуулж ажиллах.
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                      ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС