Геодези, усны барилга, байгууламжийн газрын ой тохиож байна

2021-09-27 18:21:32

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын  таван жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус байгууллага нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлж, үерийн далан, авто замын дэд бүтцийг үерийн усанд автахаас сэргийлэх ажлыг хариуцахын зэрэгцээ эдгээрийн засвар, ашиглалт, угсралтыг хариуцан ажилладаг.  Мөн нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387 шүүрт худаг, 3745 үзлэгийн худаг болон үерийн далан шуудууны цэвэрлэгээ, арчилгааг хариуцан ажилладаг юм. Тус байгууллагын ойн ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ёслолын үеэр нийслэлчүүдийг ая тухтай аж төрөхөд оруулж буй тус байгууллагынхны хувь нэмрийг өндрөөр үнэлээд, цаашид техникийн хангамжийг нэмэгдүүлж, ажилтан, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах чиглэлд хийх ажил байгааг онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн “Ирэх 2022 он бол нийслэлийн хувьд онцлог жил. Хот хууль, эрх зүйн хувьд шинэчлэгдээд зогсохгүй харьяа алба, агентлаг бүрд ажил хөдөлмөр өрнөсөн, амжилт бүтээл ундарсан жил байх болно. Төсвийн болоод нийслэлийн, бусад эх үүсвэрээр хийж хэрэгжүүлэх олон олон ажил та биднийг хүлээж байна. Хотын хөгжлийн төлөөх ирээдүйн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээв.

Энэ үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “2021 онд манай байгууллага урьд урьдаас бүтээлч, илүү хэмнэлттэй, илүү эв нэгдэлтэй  ажиллах зорилт дэвшүүлэн ажилласан.  Иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг үерийн далан суваг, авто замыг бороо, үерийн уснаас ангид байлгахад анхаарч ажиллалаа. Ирэх он жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, шинэ санаачилга гарган ажиллах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, насжилт өндөртэй шугам сүлжээг шат дараатай солих, шинээр барилга, байшин ашиглалтад оруулахад хөрсний ус зайлуулах дэд бүтэц заавал хийдэг байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна” хэмээн өгүүлсэн юм.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь энэ онд Долоон буудал, Баянбүрдийн тойрог, “Чингис” зочид буудал орчимд борооны усны  инженерийн дэд бүтцийг бүрэн шийджээ. Мөн Нисэх, Зайсан гэх мэт долоон байршилд томоохон бүтээн байгуулалт хийсэн байна.  Өдгөө Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо, Зайсан орчмын иргэдийг тав тухтай орчинд амьдруулах, тухайн хэсэгт борооны ус тогтохгүй байх нөхцөл бүрдүүлэхээр бүтээн байгуулалтыг хийж буй юм. Тус байгууллага 141 ажилтан, ажиллагсадтай бөгөөд тэднээс цөөнгүй нь хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулсан. Нийслэлийн Засаг даргын зүгээс тус байгууллагын залуу шилдэг ажилтанд түрээслээд өмчлөх байрны түлхүүр гардуулж, баяр дээр нь баяр нэмлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС