iUB аянд Баянзүрх дүүргийн 60 гаруй аж ахуйн нэгж нэгдлээ

2021-09-08 18:37:38

"Хорека софт", "Рете", "Чатбот" ХХК зэрэг Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч компаниуд өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликэйшнийг Баянзүрх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд санал болгон, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суурилуулж, хамтран ажиллах санал тавилаа. Баянзүрх дүүрэгт ойролцоогоор 3000 гаран аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас ихэнх нь нийтийн хоол, худалдаа, ахуй үйлчилгээ, авто засвар, үйлдвэрлэлийн чиглэлээр хувийн бизнес эрхэлдэг гэсэн судалгаа байна. Эдгээрийг цахимжуулж, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, халдвар хамгааллын дэглэмийг сахиулсан ухаалаг үйлчилгээг дээрх бойжигч компаниуд санал болгож байгаа юм. Тухайлбал, мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нийслэлд нэвтрүүлэх зорилготой iUB аяны тухай тэдэнд танилцуулж, интернэтийн хязгааргүй нөөц бололцоог ашиглах боломжийг аж ахуйн нэгж, үйлчлүүлэгчдэд санал болгосон юм. Өнөөдрийн сургалтад нийт тус дүүргийн 60 гаран аж ахуйн нэгжийн төлөөлөл, хороодын зохион байгуулагчид оролцлоо. Мөн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамханд болон тус хэлтсийн албан тушаалтнууд оролцсон юм.

"Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ бодлогын хүрээнд iUB аяныг зохион байгуулж, өнөөдөр хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд НШУҮИГ-ын дарга Л.Тулгабаатар бизнесийн салбарт түүчээлж буй гадаад, дотоодын амжилтад хүрсэн эрхмүүдийн тухай сонирхолтой илтгэлийг танилцуулан, цаашдын бизнест нь амжилт хүслээ.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР