Б.Ууганбат: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна

2021-08-13 13:35:49

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуулт болоод Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.

-Коронавирусийн шинжилгээний цэгүүдийн байршилд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулъя.

  • Баянгол дүүргийн 96-р цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
  • Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүргийн хувьд “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд ажиллаж байна.

-Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь “Ковид-19”-ээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд өгдөг. Одоогийн байдлаар төрийн байгууллагын хэчнээн үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс 38 байгууллагын 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Наймдугаар сарын 6-12-ны хооронд нийт 26.061 төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Үүнээс 3220 үйлчилгээг оператор үзүүлсэн байна. Оператораас үйлчилгээ авахаар холбогдож буй хоёр хүн тутмын нэг нь жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээ авахаар хандсан.

-Энэ төрлийн үйлчилгээний эрэлт яагаад ийм өндөр байна вэ?

-УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай тав дахь удаагийн хуулийг өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталж, Зөрчлийн тухай хуульд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө” гэж заасан. Үүнтэй холбогдуулан 2021 оны зургадугаар сарын 24-нөөс өмнө жолоодох эрхээ хасуулсан нийт 40.531 иргэний эрх сэргэснээр уг үйлчилгээний хандалт өндөр байгаа юм.

-Жолооны үнэмлэхээ хаанаас захиалах боломжтой вэ?

-Жолоодох эрх нь сэргэсэн иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянгол, Баянхошуу салбараас үйлчилгээ авахаас гадна e-mongolia.mn цахим хуудас, e-mongolia гар утасны аппликэйшн зэргийг ашиглан үнэмлэхээ захиалах боломжтой. Үнэмлэхээ захиалахдаа торгуультай бол торгуулиа төлсөн байх шаардлагатай. Торгуультай эсэхээ torguuli.police.gov.mn цахим хуудаснаас шалгана. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг чөлөөлнө. Torguuli.police.mn цахим хуудсанд 50 хувийн төлбөр нь хасагдаж орсон байгаа тул цахим хуудсанд байгаа мэдээллээр торгуулиа төлөх юм.

-E-mongolia төрийн үйлчилгээний цахим системээр үнэмлэх захиалах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Төрийн үйлчилгээний цахим систем /e-mongolia.mn/-ээр нэвтэрч, эсвэл emongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгүүлснээр “бүх үйлчилгээ” цэсээс өөрийн авахыг хүссэн үйлчилгээгээ сонгоно. Бүртгүүлэх, нэвтрэх зааврууд маш ойлгомжтой тул будилах нь бага байх. Жолооны үнэмлэх захиалах үйлчилгээ авахдаа Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн аль салбараас авах сонголтоо хийнэ. Жолооны үнэмлэх ажлын 10-15 хоногт хэвлэлтээс гарч байгаа бөгөөд сонгосон салбараасаа ирж жолооны үнэмлэхээ авна. Жолооны үнэмлэх захиалахдаа үнэмлэхийн 12.500 төгрөгийг тушаах юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ