Иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна

2021-03-12 18:03:36

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжинд хамруулсан билээ. Харин гуравдугаар сарын 9-нөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулаад байгаа юм. Мөн энэ долоо хоногоос худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын багш, ажилчдыг вакцинжуулж байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн ордон дахь дархлаажуулалтын цэгт тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг боловсролын салбарын ажилчид өнөөдөр дархлаажуулалтад хамрагдаж байгаа юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын менежер Г.Золжаргалын хэлснээр “15:00 цагийн байдлаар 300 гаруй иргэн вакцинд хамрагдаад байна. Иргэдийн идэвх сайн байна” гэлээ.

Мөн “Дархлаажуулалтын цэг дээр түргэн тусламжийн хоёр эмч ажиллаж, вакцин хийлгэсний дараах хариу урвалаас хамаарч иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгаа. Одоогоор ямар нэгэн хүндрэл гараагүй байна.  Эхний тунг хийлгэлээ гээд иргэд тайвширч болохгүй. Хоёр дахь тунг хийлгэснээр тодорхой хувийн дархлаа тогтно. Тиймээс дараагийн тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ урьдын адил мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэй” гэсэн юм.

Харин иргэд зохион байгуулалт сайтай  байгааг онцолж байлаа. Тиймээс иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 44 цэг, 96 багт 600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан оновчтой, зөв зохион байгуулалтад орж ажиллах, төр засгийн зүгээс энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар хамтарч ажиллаж байгаа юм.

Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд дор бүрнээ үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, халдварын эрсдэлтэй орчинд нэг дор олноороо цугларахгүй байх зэрэг арга хэмжээг алхам тутамдаа хэрэгжүүлэхийг эмч нар анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС