Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 6/45 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих хотын төвийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингэсийн өргөн чөлөөний дагуух барилга байгууламжийн фасад, хаяг, гэрлэн чимэглэлийн зураг төсвийг боловсруулж хэрэгжүүлэх 1,0 / нэг/ тэрбум төгрөгийн ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
02 дугаар сарын 01- ны өдрийн
108 тоот захирамжийн хавсралт

ХӨРӨНГӨ   ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:        Ч.Бат           Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд:

  • Э.Хүрэлбаатар  Улаанбаатар    хотын    Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Л.Болд               Улаанбаатар хотын Ерөнхий зураач
  • Э.Ганхүү           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Ц.Сандуй          Нийслэлийн Газрын албаны дарга
  • С.Цэнд-Аюуш  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Эрдэнэтуяа    Нийслэлийн Барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер
  • Х.Ариунчимэг  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер

Нарийн бичгийн дарга:

Н.Хулан            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн