Хугацаат цэргийн албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

2021-09-21 20:10:26

2021 оны 09 сарын 21-ны өдөр                                 Дугаар А/721                                                         Улаанбаатар

 

 

 

 

 

 

Хугацаат цэргийн албаны татлагын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны мн/114 дүгээр тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны н/131 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн хэмжээнд Хугацаат цэргийн албанд иргэдийг татах ажлыг 2021 оны 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

      2.Цэргийн жинхэнэ албанд татах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Нийслэлийн цэрэг татлагын товчоог хавсралтаар баталсугай.

           

       3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай. Үүнд:

 

        3.1.Нийслэлийн Цэрэг татлагын товчоо (Т.Оюунчимэг)-нд:

 

       а. Hийслэл, дүүргийн “Цэрэг татлагын товчоо”-ны дарга болон гишүүдийн ажил, үүргийн хуваарийг тогтоож, цэрэг татлагын талаарх эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, зааварчилгаа өгч, цэрэг татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих.

 

        3.2.Дүүргийн Засаг дарга нарт:

 

       а/ ”Цэрэг татлагын товчоо”-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж, гишүүдэд орон нутгийн захиргааны албан хаагч болон холбогдох байгууллагуудаас оруулах;

 

    б/ Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хөтлөн, ажлын байр болон тээврийн хэрэгслээр хангаж, шаардлагатай хөрөнгийг гаргах;

 

    в/ Хугацаат цэргийн албаны талаарх сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан зохион байгуулах;

 

     г/ Засгийн газрын 2019 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

 

        д/ Цэрэг татлагын үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолоочийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах;

 

       е/ Ковид-19 халдварт цар тахал, хорио цээрийн дэглэмийн үед цэрэгт татагдагч болон цэрэг татлагаар ажиллах бие бүрэлдэхүүний ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол сайтар хийж, халдвараас сэргийлэх бүх талын арга хэмжээг авч, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж ажиллах;

 

        ё/ Ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэгт орж байгаа иргэдээс ПГУ, болон түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулах;

 

     ж/ Цэрэг татлагын байрыг зааврын дагуу бэлтгэж, цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сонгон, зааварчилгаа өгөх, тэднийг эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

 

        з/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлэх;

 

        и/ Иргэдэд үйлчлэх ая тухтай орчныг бүрдүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх;

 

     й/ Цэрэг татлагыг зохион байгуулсан тухай дүн, мэдээг цэрэг татлага дууссанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх;

 

     4.Цэрэг татлагын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, дүнг 2021 оны 10 дугаар сарын 25-нд  танилцуулахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчоо (Т.Оюунчимэг)-нд, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т  үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР