Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний түүхий эд нийлүүлэх үйл ажиллагааны тухай

2021-08-27 16:55:58

2021 оны 08 сарын 27-ны өдөр                                Дугаар А/657                                                       Улаанбаатар

 

 

 

 

 

 

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол,

   үйлдвэрлэл үйлчилгээний түүхий эд

   нийлүүлэх үйл ажиллагааны тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.“а”, 29.2, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 10.5 дугаар зүйлийн 10.5.4, Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 93 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Өөрийн бүтэц орон тоон дээр тулгуурлан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэлийн түүхий эдээр хангахыг “Багачууд хүнс” (Б.Мөнхнасан), “Өсвөр үе хүнс” (Г.Мөнхзул), “Асгат” (Э.Энхтөр), “Хүнс хангамж төв” (Д.Идэрзаяа) ОНӨААТҮГ-уудад даалгасугай.

 

     2.Өөрийн бүтэц орон тоон дээр тулгуурлан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэлийн түүхий эдээр хангах гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т даалгасугай.

 

    3.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх болсонтой холбогдуулан шаардлагатай машин тоног, төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийн судалгааг гаргаж 2022 оны төсөвт суулгах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс (А.Мөнхболд), нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

      4.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний түүхий эдийг Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг тус тус хэрэгжүүлж, мөрдлөг болгон ажиллахыг хүнсний хангамжийн “Багачууд хүнс” (Б.Мөнхнасан), “Өсвөр үе хүнс” (Г.Мөнхзул), “Асгат” (Э.Энхтөр), “Хүнс хангамж төв” (Д.Идэрзаяа) ОНӨААТҮГ-уудад үүрэг болгосугай.

 

       5.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР