Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2021-08-19 14:15:00

2021 оны 08 сарын 19-ний өдөр                                  Дугаар А/642                                                       Улаанбаатар

   

 

 

 

 

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг

   бууруулах талаар авах зарим

  арга хэмжээний тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.1.6 “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.5, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

            1.1.Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг 2021 оны 08 дугаар сарын 28-ны бямба гараг, сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ням гараг 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар (С.Энхтөр)-т;

 

            1.2.Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ захирамжийн 1.1-д заасан зохицуулалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар (С.Энхтөр), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ (Д.Одбаяр)-т;

 

            1.3.Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 11-ний    өдрийн хооронд “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон  нийтийн  цагдаагийн   ажилтан,  эргүүлийн  цагдааг  томилон, явган хүний гарц, гарамтай  хэсгүүд  дээр  ажиллуулах  арга  хэмжээ  авч,  мэргэжлийн  удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т;

 

       1.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга), нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

            2.Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

 

            3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Б.Одсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР