Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай

2021-08-19 13:50:21

2021 оны 08 сарын 19-ний өдөр                                Дугаар А/641                                                         Улаанбаатар

 

  

 

 Хичээлийн шинэ жилийг угтан

  зохион байгуулалтын зарим

 арга хэмжээ авах тухай

  


           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“г”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн              12.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.2021-2022 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд түр хязгаарлаж, хязгаарласан зам дагуу хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байршлыг хавсралтаар баталсугай.

 

 2.Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд  даалгасугай:

 

 2.1.Автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зохицуулалт хийж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар)-т, нийтийн тээврийн чиглэлд холбогдох өөрчлөлт хийхийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т;

 

            2.2.Энэхүү захирамжийн хавсралтаар баталсан байршлуудад болон авто замын зорчих хэсэгт 09:00-19:00 цагийн хооронд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, бусад хувцас хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга (Н.Баярмөнх), Сүхбаатар дүүргийн Засаг дарга (Х.Болормаа), Чингэлтэй дүүргийн Засаг дарга (Н.Батсүмбэрэл)-д, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр)-нд;

 

            2.3.Үзэсгэлэн худалдааны явцад байнгын хяналт тавьж, “Коронавируст халдвар  (Ковид-19)-аас   сэргийлэх   арга   хэмжээг  зохион  байгуулах  түр  журам”,

 “Хичээлийн шинэ жил-2021” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөрдөх түр заавар”-ын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т;

 

            2.4.Автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан замын гарцыг хааж, хамгаалалтын болон нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ байрлуулахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан), Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т даалгасугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг), хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

 

 
       
   
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                 ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР