Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

2021-06-22 08:10:05

2021 оны 06 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/494                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий

өвчнөөс урьдчилан сэргийлэх

вакцинжуулалтын арга хэмжээг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6, 34 дүгээр зүйлийн 34.3, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багануур,  Багахангай дүүргийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтны вакцины дархлааны хугацаа дуусч байгаа тул вакцинжуулалтын  ажлыг  2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор  шуурхай  зохион байгуулж  ажиллахыг  Нийслэлийн Мал  эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг  болгосугай.

 

      2.Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад харьяа дүүргийн уг өвчинд мэдрэмтгий бүх  мал, амьтныг хамруулах ажлыг зохион байгуулж, дархлаажуулалтын ажилд шаардагдах зүү, тариур, халдвар хамгаалал, хөдөлмөр хамгаалал, шатах тослох материал, ажиллах хүн хүчний зардлыг шийдвэрлэж, зарлан мэдээлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

     3.Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах мал, амьтны тоо, шаардагдах вакцины хэмжээг хавсралтаар баталсугай.

 

     4.Шүлхийн дархлаажуулалтад шаардагдах вакциныг татан авч, хуваарилан хүргүүлж, заавар зөвлөмж өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, тогтоосон  хугацаа, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

 

      5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР