Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2021-06-10 08:00:47

2021 оны 06 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/457                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Үер, усны ослын аюулаас урьдчилан

сэргийлэх талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн нутаг дэвсгэрт Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн нутаг дэвсгэр Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн (гарам) голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хадан хясаа хүртэл Туул гол дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүрэлдэхүүнийг завьт эргүүлээр ажиллуулсугай.

 

    2.Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлийн хуваарийг нэгдүгээр, үйл ажиллагааны зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

     3.Иргэдийг болзошгүй гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар хөдөлгөөнт болон завьт эргүүлийг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (Ө.Ган-Өлзий)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд өргөн хүрээнд сэрэмжлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т  үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамжийн хавсралтад заасан хуваарийн дагуу гол усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, шаардагдах зардлыг шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

      5.Хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллах нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаанд шаардагдах 42,497,200 (дөчин хоёр сая дөрвөн зуун ерэн долоон мянга хоёр зуу) төгрөгийн зардлыг Нийслэлийн Засагдаргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

 

      6.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Д.СУМЪЯАБАЗАР