Цагийн хязгаартай ажиллах авто машингүй гудамж төсөл хэрэгжүүлэх тухай

2021-06-07 08:00:36

2021 оны 06 сарын 07-ны өдөр                                       Дугаар А/437                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Цагийн хязгаартай ажиллах авто машингүй

гудамж төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ц.Жигжиджавын гудамж, Б.Ширэндэвийн гудамжуудад “Цагийн хязгаартай авто машингүй, худалдаа үйлчилгээний гудамж” бий болгох төслийг “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу зохион байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

     2.Цагийн хязгаартай авто машингүй гудамж бий болгох, зохион байгуулах ажлын хүрээнд Ерөнхий сайд Амарын гудамж, Гутлын 22 дугаар гудамж, С.Жамъяан Гүнгийн гудамжуудад төр, хувийн хэвшлийн оролцоог ханган холбогдох гэрээг байгуулан  ажиллахыг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК (Л.Тэмүүжин)-д зөвшөөрсүгэй.

 

     3.Төслийн хүрээнд Ерөнхий сайд Амарын гудамж, Гутлын 22 дугаар гудамж, С.Жамъяан Гүнгийн гудамж, талбайд зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, зам, талбайн тохижилт, засвар үйлчилгээний гүйцэтгэлийн ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Б.Мөнхцэцэг)-т үүрэг болгосугай.

 

      4.Тохижилтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хавсралтын дагуу Зүүн хойд азийн соёл, санхүүгийн төв болох зардлаас 962.000.000 сая төгрөг гаргаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

      5.Энэ захирамжийн хавсралтад заасан ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулж, хяналт тавьж, ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин нарт үүрэг болгосугай.

 

      6.Цагийн хязгаартай ажиллах авто машингүй гудамж төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                               Д.СУМЪЯАБАЗАР