Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2021-06-04 08:00:04

2021 оны 06 сарын 04-ний өдөр                                           Дугаар А/431                                      Улаанбаатар хот 

 

                                                                                                          

 

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Түр журам батлах тухай” 152 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

    1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 08-10-ны өдрийг дуусталх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.

 

    2.Энэхүү захирамжийн 1-д заасан хугацаанд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

   2.1.соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар (Ж.Дамдинцэрэн), нийслэлийн Спортын хороо (Ж.Ганболд), холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад;

 

      2.2.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөрт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

 

   2.3.коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, Сонгуулийн Ерөнхий хорооноос тавьсан шаардлагын дагуу авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), дүүрэг, хорооны Засаг дарга нарт; 

 

     2.4.сонгуулийн хороод, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын   хөдөлгөөний  удирдлагын   төв   НӨҮГ   (Д.Одбаяр)-т,   шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т;

 

      2.5.сонгуулийн хороод, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (Р.Дагдан), “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК (Ч.Золбаяр), “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ (Ц.Төрхүү)-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т. 

 

      3.Энэхүү захирамжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР