Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-05-21 09:00:48

2021 оны 05 сарын 21-ний өдөр                                           Дугаар А/380                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай 

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “ж”, 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 115, 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41, 46 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын “Ажлын хэсэг”-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/357 дугаар захирамжийн хавсралтыг шинэчлэн баталсугай.

 

    2.“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтын “Улбар шар түвшин”-д шилжүүлсэн хугацаанд Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

       2.1.Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00, рестораны үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах;

 

     2.2.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зорчигчдыг “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан 2021 оны А/357 дугаар захирамжийн 3.3, 3.9 дэх хэсэг, А/365 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР