Төслийн гүйцэтгэгч албаар батламжлах тухай

2021-05-04 09:00:55

2021 оны 05 сарын 04-ний өдөр                                              Дугаар А/348                                  Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Төслийн гүйцэтгэгч албаар

батламжлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн зээл, тусламжийн хэлэлцээрүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Төслийн гэрээ, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 356 дугаар тогтоол, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импортын банк хооронд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбар”, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын ногоон орон сууц” болон БНСУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйгээр хангах, холбогдох журмын хэрэгжилтийг хангуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай уялдаа холбоотой ажиллах үүрэг бүхий төслийн гүйцэтгэгч албаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрыг батламжилсугай.

 

    2.Салбарын бодлого, төлөвлөлтийн уялдааг хангуулж, төслүүдийг амжилттай, цаг тухайд нь хэрэгжүүлэхэд нийслэлийн төсвөөс шаардагдах хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт тусгах асуудлыг судалж, шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс (А.Мөнхболд), төслүүдийн хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхэд бодлого, арга зүйн зөвлөмж, зохицуулалтаар хангахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс (М.Аясгалан)-т даалгасугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт даалгасугай.

 

     4.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/209, 2020 оны А/451 дүгээр захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР