Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021-04-25 09:00:17

2021 оны 04 сарын 25-ны өдөр                                         Дугаар А/313                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн

бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг

сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, “ж”, “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Дархлаажуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.3, 7 дугаар зүйлийн 7.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 45, 91, 104, 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 02, 04, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 21, 31, 37 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 15 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

    2.“Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын хавсралтад өөрчлөлт орсонтой холбогдуулан олон нийтэд сурталчлан таниулж, салбарын болон нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхийг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    3.“Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтын “Улаан түвшин”-д шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Б.Одсүрэн), нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Д.Ихбаяр), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр), нийслэлийн Мэдээлэл, технологийн газар (О.Чинзориг), нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар (С.Энхтөр), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    3.1.Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах;

 

   3.2.Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах;

 

   3.3.Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх;

 

    3.4.Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллах;

 

    3.5.Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;

 

    3.6.Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллах;

 

   3.7.Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэх;

 

    3.8.Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах.

 

    4.Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглосугай.

 

    5.Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн тусгаарлалт, тусламж, дархлаажуулалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн Эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдааг хангах, ажлын явц үр дүнг өдөр бүр тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    6.Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай горимд (уртасгасан, богиносгосон цаг, цахимаар, ээлжээр ажиллах) шилжүүлж, зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын тоог бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллага, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

   7.Иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэн, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг зөвлөсүгэй.

 

    8.Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар олон нийтийг уриалах, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж, сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    9.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

    10.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР