Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

2021-04-19 09:15:11

2021 оны 04 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/295                                           Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Хуулийн хэрэгжилтийг хангах зарим

арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, л, 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглахтай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, эдгээр барилга, байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга), нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.

 

     2.Ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын загвар зураггүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга), Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар (С.Төмөрдулам)-т даалгасугай.

 

     3.Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг тухай бүр шуурхай авах, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийтгэвэр ногдуулснаас үл хамаарч архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохгүй байх, барилга байгууламжид улсын комисс ажиллуулахгүй байхыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т, Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга), Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар (С.Төмөрдулам)-т тус тус үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР