Хууль, журмын хэрэгжилтийг хангах тухай

2021-04-02 09:30:56

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                            Дугаар А/251                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хууль, журмын хэрэгжилтийг

хангах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 24/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг мөрдүүлж стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх байршлыг хавсралтаар баталсугай.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан хашаа, хайсыг холбогдох журмын дагуу барьж, ашиглаагүй аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, орчны аюулгүй байдлыг хангах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд, Газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т, Зөрчил арилгасан байршлуудад хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т, Хашаа, хайсны стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, холбогдох арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар (С.Төмөрдулам)-т, Чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр)-нд, Зөрчил арилгах, хашаа, хайс шинэчлэх болон чөлөөлөхөөр тусгагдсан байршлуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т, Захирамжийн хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрт хангуулан шуурхай зохион байгуулж ажиллахыг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

    3.Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

       4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажлын явц, үр дүнг тухай бүр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                Д.СУМЪЯАБАЗАР