Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021-04-09 09:00:45

2021 оны 04 сарын 09-ний өдөр                                     Дугаар А/265                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн

бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй

холбогдуулан авч хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний тухай 

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“а”, “ж”, “л”,  29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Дархлаажуулалтын тухай хуулийн 6, 7 дугаар зүйл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 45, 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 21, 31 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 06 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтыг бууруулах   зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

   2.“Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Б.Одсүрэн), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр), Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     2.1.Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллах;

 

       2.2. Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллах;

 

      2.3.Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллах;

             

    2.4.Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх;

 

     2.5. Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжууд болоод бусад инженерийн хийцлэл бүхий барилга байгууламжид халдвар тархах эрсдэлийн үнэлгээг хийж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авах;

 

    2.6.Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллах;

 

    2.7.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх;

 

       2.8.Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах;

 

      2.9.Эрчим хүч, инженерийн байгууламж, уул уурхай, зам, барилга, газар тариалан эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тухайн объект, ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ажлын тусгай горимоор ажиллуулах;

 

      2.10.Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, нэг дор 5-аас илүү хүн цуглахгүйгээр (гэр бүлийн хүрээнээс бусад) оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах;

 

      2.11.Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллах;

 

  1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд

согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглосугай.

 

     4.Нийслэлд дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 40 цэг (автобус) ажиллуулж, хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал тэдгээрийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг дайчлан, иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т үүрэг болгосугай.

 

    5.Дархлаажуулалтын цэгт иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дүүрэг, хороогоор нарийвчлан гаргаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр), Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    6.Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн цахим бүртгэл хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Д.Ихбаяр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Мэдээлэл, технологийн газар (О.Чинзориг)-т үүрэг болгосугай.

 

    7.Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн Эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдааг хангах, ажлын явц үр дүнг өдөр бүр тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     8.Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд мэдээлж шуурхай хүргэж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    9.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

    10.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/246, А/252 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

  

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР