Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай

2021-04-05 09:20:23

2021 оны 04 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/256                                        Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Өнжмөл өвсний гал түймрээс

урьдчилан сэргийлэх тухай

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.”л”, 29.2, 39 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3, 16.2.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.18, 17.2.20 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 02 дугаар албан даалгаврыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Цаг агаарын хуурайшилтын улмаас ой хээр, өнжмөл өвсний гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ болон ил задгай гал түлэхийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хориглосугай.

 

      2.Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт хяналтаар ажиллах бүрэлдэхүүний хуваарийг хавсралтаар баталсугай.

 

      3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

    3.1.Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, иргэдийн явганаар болон тээврийн хэрэгслээр нэвтрэх хөдөлгөөнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), хөдөлгөөнт эргүүлээр томилгоожсон ажилтан, алба хаагчдыг ажиллах нөхцөлөөр хангаж, үүрэг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар)-т;

 

    3.2.Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, аялал жуулчлалын газартай хамтран иргэдийг ногоон бүсэд нэвтрүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр), нийслэлийн Аялал жуулчлалын газар (А.Ариунгэрэл)-т;

 

   3.3.Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл нэвтэрч болох газруудад замын саад байршуулан сэрэмжлүүлэг өгч зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар)-т;

 

    3.4.Иргэд хашаандаа өнжмөл өвс, ил задгай хог шатаасны улмаас гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, ногоон бүсэд байрлах аж ахуйн нэгж байгууллага, хороодын ажилтан, албан тушаалтныг эргүүл жижүүрээр томилгоожуулан, үүрэг гүйцэтгэх хүн, хүч хэрэгслийг тодотгон нөөцийг бүрдүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт;

          

    3.5.Ой хээр болон өнжмөл өвсний гал түймрийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол, шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутай этгээдийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т;

            

      3.6.Ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг нийтийн тээврийн хэрэгслүүдээр тогтмол явуулахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр), хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд хүргэж, сэрэмжлүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т;

 

     4.Хөдөлгөөнт эргүүлээр ажиллах бүрэлдэхүүний хоол, унааны зардалд шаардагдах 36.384.810 (гучин зургаан сая гурван зуун наян дөрвөн мянга найман зуун арав) төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

 

     5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР