Хугацаат цэргийн албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

2021-04-14 09:15:05

2021 оны 04 сарын 14-ний өдөр                                          Дугаар А/279                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Хугацаат цэргийн албаны татлагын

ажлыг зохион байгуулах тухай

 

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйл, Засгийн газрын 2020 оны мн/203 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны н/51 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн хэмжээнд 2021 онд хугацаат цэргийн албанд иргэдийг татах ажлыг 05 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

    2.Цэргийн жинхэнэ албанд татах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Нийслэлийн цэрэг татлагын товчоог хавсралтаар баталсугай.

 

      3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай. Үүнд:

 

       3.1.Нийслэлийн Цэрэг татлагын товчоо (Т.Оюунчимэг)-нд:

 

      а. Hийслэл, дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга болон гишүүдийн ажил, үүргийн хуваарийг тогтоож, цэрэг халалт, татлагын талаарх эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, зааварчилгаа өгч, цэрэг татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих.

 

       3.2.Дүүргүүдийн Засаг дарга нарт:

 

     а. Цэрэг татлагын товчоог дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж, гишүүдэд орон нутгийн захиргааны болон холбогдох байгууллагуудыг албан хаагчдыг томилох;

 

    б. Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хөтлөн, ажлын байр болон тээврийн хэрэгслээр хангаж, шаардлагатай хөрөнгийг гаргах;

 

     в. Хугацаат цэргийн албаны талаарх сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан зохион байгуулах;

 

     г. Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

 

      д. Цэрэг татлагын үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолоочийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах;

 

      е. Ковид-19 халдварт цар тахал, хорио цээрийн дэглэмийн үед цэрэг татлагын байранд ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж халдвараас сэргийлэх бүх талын арга хэмжээг авч, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж ажиллах;

 

     ё. Цэрэг татлагын байрыг зааврын дагуу бэлтгэж, цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сонгон, зааварчилгаа өгөх, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

 

        ж. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлэх;

 

      з. Эрсдэлтэй болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд дүүргүүдийн Цэрэг татлагын товчоо харилцан ажиллах бэлтгэлийг урьдчилан хангах;

 

     и. Цэрэг татлагыг зохион байгуулсан тухай дүн, мэдээг цэрэг татлага дууссанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх.

 

       4.Цэрэг татлагын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, дүнг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчоо (Т.Оюунчимэг)-нд, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлан ажиллахыг Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР