Стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх арга хэмжээний тухай

2021-04-14 09:00:12

2021 оны 04 сарын 14-ний өдөр                                              Дугаар А/276                                   Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх

арга хэмжээний тухай

 

  

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5, 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.4.3, 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн салбарт улс, нийслэл, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнүүдэд холбогдох стандарт, норм, дүрмийг мөрдүүлж хяналт тавихад хэрэглэгдэх удирдамж арга зүйн баримт бичгийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудад үүрэг болгосугай. 

 

      2.Төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тендерийн баримт бичигт холбогдох стандарт, норм, дүрэм, шаардлагуудыг салбар, чиглэл бүрээр тусгаж тэдгээрийг мөрдөх чадавх бүхий тендерт оролцогчийг сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (Г.Энхтайван)-т даалгасугай.

 

      3.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад стандартын удирдамж арга зүйн баримт бичгийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар (С.Төмөрдулам)-д, олон нийтэд мэдээлэх, сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                Д.СУМЪЯАБАЗАР