Мал эмнэлгийн арга хэмжээний тухай

2021-03-29 09:00:17

2021 оны 03 сарын 29-ний өдөр                                         Дугаар А/224                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Мал эмнэлгийн арга хэмжээний тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3."а", 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.4, 34 дүгээр зүйлийн 34.2.2.1, 34.2.4, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/48 дугаар “Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай” тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 14/05, 2020 оны 02/11 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг 2021 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэгдүгээр, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар, мал, амьтны шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг гуравдугаар, лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг дөрөвдүгээр, халдваргүйтгэлийн арга хэмжээний төлөвлөгөөг тавдугаар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал, амьтны тоо, үйлчилгээний хөлс, вакцин авах зардлын тооцоог зургаадугаар, халдварт өвчний тандалт, лабораторийн шинжилгээний зардлын тооцоог долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

       2.Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

 

     2.1.Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тарилга, вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалт, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх төлөвлөгөөт ажлыг орон нутагтаа зохион байгуулах, хамтарч ажиллах;

 

     2.2.Энэ захирамжийн 2.1-д заасан арга хэмжээнд малчид, мал бүхий иргэд, орон нутгийн байгууллагуудыг оролцуулах;

 

       2.3.Мал, амьтны халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хориглосон бүсээс мал, амьтныг гаргах, мал аж ахуйн хашаа, хороо, тоног хэрэгсэл болон түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэх ажлыг зохион байгуулах.

 

    3.Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан  сэргийлэх, эмчлэх, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, шаардагдах биобэлдмэл, вакцин, эм урвалжийг хугацаанд нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хүргэж, мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

 

     4.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний хөлсөнд шаардагдах 205,900,000 төгрөгийг Нийслэлийн 2021 оны төсөвийн “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт”-ын XII.1-т тусгагдсан зардлаас, Мал эмнэлгийн үйлчилгээний зардал 74,709,000 төгрөгийг Нийслэлийн 2021 оны төсөвт тусгагдсан урсгал зардлаас гүйцэтгэлээр тус тус санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

      5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР