Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021-04-02 09:05:00

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                        Дугаар А/246                                            Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Коронавируст халдвар (Ковид-19)-ын

тархалтыг бууруулах чиглэлээр авч

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 


       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“в”, 29.1.6.”ж”, “л”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоол, 2021 оны 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталсугай.

 

      2.Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосугай.

 

     3.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт  үүрэг болгосугай.

 

     3.1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтад иргэдийг хамруулах ажлын төлөвлөгөө, хуваарийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын шийдвэртэй уялдуулан гаргаж, хэрэгжилтийг хангах;

 

     3.2.Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах;

 

         3.3.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт шалгалтыг батлагдсан удирдамж, шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авах;

 

        3.4.Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, аль болох гэртээ байх, шаардлагатай тохиолдолд хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэх талаар зөвлөж, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг хангуулахад хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагааг чиглүүлж ажиллах;

 

        3.5.Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх, хяналтын цэгүүдийн ойролцоо байршилд явуулын ПГУ шинжилгээний цэг байгуулах боломжийг бүрдүүлэх;

 

      3.6.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх;

 

         3.7.Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр, (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан) тээвэрлэгчдийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах;

 

        4.Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг бууруулах, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог ханган, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабыг биечлэн удирдаж, ажлын явц үр дүнг өдөр бүр тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     5.Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

       6.Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг цахимаар, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөсүгэй.

 

    7.Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд мэдээлж, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай хүргэж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

        8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингист даалгасугай.

 

       9.Захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2021 оны А/221 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР